"LIBERTARIAN SUMMER SESSION"

Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө
эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтанд болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Сургалт дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулагдсан болон залуучуудад зориулагдсан хөтөлбөрөөр хоёр ээлжээр зохион байгуулагдана. Ахлах ангийн сурагчдын сургалт 2009.07.27 – 2009.07.31 хооронд, залуучуудын сургалт 2009.08.03 – 2009.08.07 хооронд явагдана. Нээлттэй академи болон Либертари сангийн багш нар сургалтыг хөтлөн явуулна.

Сургалтын нэг хүнд ногдох зардал 175 000 төгрөг. Гэхдээ та 60 000 төгрөгтэй, сургалтад суух хүсэлтэй, тэгээд мэдээж эхний 20 хүн дотор багтаад бидэнтэй холбогдвол сургалтад хамрагдах боломжтой. Учир нь бид сургалтын зөрүү зардлыг тань Либертари сангаас орчуулан гаргадаг номнуудын борлуултын ашгаас гаргах болно.

Энэ завшааныг ашиглан Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн номыг худалдан авсан хүн бүхэнд талархая!

Либертари зуны сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг
9902-2416, 9963-6187, 9964-5398 утаснаас авна уу!

цааш унших...

Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй

-Өршөөлийн хуулийн шинэ төслийг хамрах хүрээг нь тэлж хавтгайруулсан маягтай болгочихжээ гэсэн шүүмжлэл их байгаа. Ямар шаардлагаар тэгсэн юм бол, үүнээс болж цаг хугацаа ч гэсэн алдах юм биш үү. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш бүтэн жил өнгөрчихлөө шүү дээ?
-Хуулийн техник гэж юм бий. Хуулийг хэнд зориулж гаргах вэ, үйлчлэл нь ямар байх вэ гээд хуулийг өөрийг нь бичдэг дүрэм байхгүй юу. Энэ дүрмээр бол долдугаар сарын 1-ний үйл явдалд зориулж тусгайлан хууль гаргаж болохгүй. Хууль гэдэг олонхид зориулагдах ёстой болохоос биш тухайн нэг тохиолдол, тухайн хэсэг хүмүүст зориулагдах ёсгүй. Хэрвээ тэгэх юм бол хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш гэдэг зарчим маань өөрөө алдагдана. Тийм учраас долдугаар сарын 1-нд зориулж Өршөөлийн хууль гаргахыг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам эсэргүүцсээр ирсэн.

-Өршөөлийн хуулийн шинэ төслийг хамрах хүрээг нь тэлж хавтгайруулсан маягтай болгочихжээ гэсэн шүүмжлэл их байгаа. Ямар шаардлагаар тэгсэн юм бол, үүнээс болж цаг хугацаа ч гэсэн алдах юм биш үү. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш бүтэн жил өнгөрчихлөө шүү дээ?
-Хуулийн техник гэж юм бий. Хуулийг хэнд зориулж гаргах вэ, үйлчлэл нь ямар байх вэ гээд хуулийг өөрийг нь бичдэг дүрэм байхгүй юу. Энэ дүрмээр бол долдугаар сарын 1-ний үйл явдалд зориулж тусгайлан хууль гаргаж болохгүй. Хууль гэдэг олонхид зориулагдах ёстой болохоос биш тухайн нэг тохиолдол, тухайн хэсэг хүмүүст зориулагдах ёсгүй. Хэрвээ тэгэх юм бол хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш гэдэг зарчим маань өөрөө алдагдана. Тийм учраас долдугаар сарын 1-нд зориулж Өршөөлийн хууль гаргахыг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам эсэргүүцсээр ирсэн.

-Долдугаар сарын 1-ний хэргээр ял авсан хүмүүсийг улс төрийн хилс хэрэгт орсон гэж үзсээр ирсэн шүү дээ. Үүгээр нь тусгайлан авч үзэхгүй юу?

-Бид хуулийн үйлчлэлд байгаа субъектуудын тухай ярьж байгаа болохоос биш хэргийн тухай яриагүй шүү дээ. Улс төрийн хилс хэрэг гэдэг чинь сэтгүүл зүйн л хэллэг, олон нийтийн яриа байхгүй юу. Түүнээс биш хуулийн текстэн дээр буудаг үг биш. Ийм нөхцлүүд байгаа учраас Өршөөлийн хуулийг хуулийнх нь стандартын дагуу бичих ёстой, ингэхийн тулд Өршөөлийн хуулийг долдугаар сарын 1-ний үйл явдлаас илүү өргөн хүрээнд харахаас өөр аргагүй болж байгаа юм. Энэ нь хууль тогтоох байгууллагад тодорхой хэмжээгээр зовлон болсон.

Тэрнээс гадна шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо, ардчилсан Ерөнхийлөгч гарч ирлээ. Үүнтэй холбогдуулаад шинэ Ерөнхийлөгч гарч ирэх бүрд Өршөөлийн хууль санаачилж байвал яасан юм бэ гэдэг улстөрчдийн байр суурь бас байсан. Тэгээд энэ өршөөлийг арай өргөн хүрээнд гаргаж, хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргүүдийг хамруулахаар болсон. Гэхдээ ямар гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаагаасаа шалтгаалаад ялаас бүрмөсөн чөлөөлөх биш, ялыг нь тодорхой хугацаагаар хасах байдлаар гаргах төлөвтэй байна. Гэхдээ яг одоо бол гишүүдийн гар дээр хуулийн төсөл бүрэн эхээрээ ирээгүй байна.

-Тэгвэл зорилго нь юу юм бэ?
-Өршөөлийн хууль гарснаар гурван зүйлийг эерэгээр шийдэх боломжтой гэж бид харж байгаа. Нэгдүгээрт, олон нийтийн дунд, тэр дундаа нийгмийн уур амьсгалд эсрэгээр нөлөөлсөн Ц.Нямдоржийн хар хууль гэж ярьдаг Эрүүгийн хууль бий. Маш олон залуучуудыг шорон руу илгээж, нийгмийнхээ социал бүтцийг эвдэх хүртлээ шоронжуулж байгаа энэ хуулийн үйлчлэлийг таслан зогсоох ёстой. Эрүүгийн хууль маань өөрөө эргээд хүн амаа шоронжуулчихлаа шүү дээ. Тэр дундаа манай хүн ам залуу. Залуучуудыг анх удаа хэрэг үйлдсэн, хөнгөн хэрэг үйлдсэн гэж ялгаварлахгүйгээр шоронд хийгээд эхлэхээр манай хүн амын бүтэц хүртэл өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Илүү эрүүгийн чиглэлтэй, тийм амьдрал, арга барил ноёлсон хэсгийг шоронд бэлтгээд эхэлчихсэн. Энэ байдлаасаа татгалзахгүй бол социал бүтэцтэй хохирол учруулахаар эрүүгийн бодлоготой болжээ, үүнийгээ засья гэдэг үүднээс хандсан. Өршөөлийн хууль өргөн хүрээнд гарч байгаагийн нэг давуу тал энэ.

Нөгөө талаас шоронд ял эдэлж байгаа, хүнд онц, хүнд хэрэг үйлдсэн хүмүүсийг урьд өмнө хоёр ч удаа Өршөөлийн хууль гарч өршөөсөн. Хүн алдаж болно, гэхдээ алдаандаа харамсаж, засарч байгаа гэх мэт хувь хүний өөрчлөлтийг анзаарахгүйгээр хавтгайруулан өршөөх байдал руу шилжсэн. Тийм учраас энэ удаа хувь хүний өөрчлөлт талаас нь илүү анхаарч, ялыг нь тодорхой хэмжээгээр хасаад явах боломжтой гэж харж байгаа. Мэдээж Өршөөлийн хууль гарах бүрт хэвлэл мэдээллээр үргэлж сөрөг талыг нь илүү ярьдаг юм. Гэр бүл, аав ээждээ нэг гишүүн нь эргэж ирж байна гэдэг эерэг талыг нь хөндөхөөсөө илүүтэй “шоронгоос олон хүн гаргахаар гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэнэ" гэж сурталчилдаг. Нэг хоёр тохиолдол дээр түшиглээд. Энэ байдал энэ удаа ч гэсэн бас тохиолдох вий гэж сэрэмжилж байна. Гэхдээ ямар ч нөхцөлд бид чинь хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулж байгаа шүү дээ. Тийм учраас шийтгэж чадсан бол өршөөж чаддаг тийм сэтгэлзүй, хандлагыг бий болгох ёстой. Өршөөлийн хууль дээр бас нэг үндэс болгосон зүйл нь эрүүгийн эрх зүйн чиглэлийн гадна дотнын мэргэжилтнүүд бүгдээрээ “Монгол Улсын Эрүүгийн хуулийг хүмүүнлэг тал руу нь чиглүүлэхгүй бол анх удаа алдаж, хэрэг үйлдэж байгаа залууст засрал хүмүүжлийн өөр арга хэрэглэхгүй шууд шоронд илгээснээс болоод хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг зарчмаар нийгмээ зэрлэгшүүлэх байдал руу яваад байна” гэдэг дээр
санал нэгдсэн.

-Өршөөлийн хуулиар хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлнэ гэж байна. Гэтэл долдугаар сарын 1-ний хэргээс болж “төрийн эсрэг гэмт хэрэг” хүртэл хүнд ял авсан хүмүүс байгаа. Энэ хүмүүс өршөөлд хамрагдаж чадах уу?

-Одоохондоо хуулийн хамрах хүрээ гүйцэд тодорхой болоогүй байна, дөнгөж УИХ-аар хэлэлцэж эхэлж байгаа учраас. Шүүхийнхэн шүүн таслах үйл ажиллагаандаа маш том алдаа гаргаж, долдугаар сарын 1-ний хэрэг дээр зүйлчлэх ёсгүй хүнд зүйл заалтуудаар зүйлчлээд яллачихсан. Зандалчлах гэмт хэрэг, төрийн эсрэг гэмт хэрэг гэх мэтчилэн. Тэр зүйл заалт нь Өршөөлийн хуулиар орно гэхэд нэлээн хэцүү. Миний хувийн бодол гэвэл долдугаар сарын 1-ний хэрэг дээр Өршөөлийн хууль гаргана гэхээсээ илүү шүүх алдаагаа засаад залруулаад явчихсан бол илүү амар байлаа. Ингэж олон хүн хамруулаагүй байсан бол Ерөнхийлөгч дангаараа уучлал үзүүлээд явчих ч боломж байсан. Өршөөлийн хууль гарсны дараа долдугаар сарын 1-ны хэргээр яллагдсан зарим хүн магадгүй энэ хуульд хамрагдалгүй өнгөрлөө гэхэд Ерөнхийлөгч дангаараа уучлал үзүүлээд явчих боломжтой. Өөрийнх нь бүрэн эрхэд байгаа учраас.

-Үнэхээр Өршөөлийн хууль гарсны дараа эрүүгийн нөхцөл хүндэрдэг үү, гэмт хэргийн гаралт нэмэгдэх үү?
-Тодорхой хэмжээнд эрүүгийн нөхцөл байдалд өөрчлөлт ордог юм. Мэдээж хэрэг өршөөл, уучлалаар суллагдсан хүмүүс гэмт хэрэг үйлдээд буцаад нөгөө газраа орчихсон тохиолдол гардаг юм. Гэхдээ үүнийг тэр хүнтэй нь холбогдуулж ярихаасаа илүү Монголд нэг тогтолцоо дутмаг байгаагийнх гэж би боддог. Монголд хорихоос суллагдаж байгаа хүмүүсийг хүлээж аваад нийгэмшүүлэх тэр орчин, дэд бүтэц, төрийн үйлчилгээ нь байхгүй учраас нөгөө ядуурал, ажилгүйдэлтэйгээ тулгараад амьдрахын эрхэнд эргээд хулгай хийдэг, хэрэг үйлддэг. Уг нь бол Хууль зүйн яамны эрхлэх асуудлын хүрээнд хорихоос суллагдаж байгаа хүмүүсийг хүлээж авах, нийгэмшүүлэх чиглэлийн ажлыг хийдэг дэд бүтэц байх ёстой. Нэг алдсан бол тэр чигээр нь түлхдэг энэ гажууд хандлагаа өөрчлөх ёстой. Харамсалтай нь энэ бодлого байхгүй учраас маш олон хүн “Ахиад би хэзээ ч энэ хаалгаар шагайхгүй” гэж гарч ирээд энэ амьдрал дээр амьдарч чадахгүй эргээд хөл алдаад буцдаг.

-Сая сонгуулийн дараа экс Ерөнхийлөгч долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон хүүхэд эмэгтэйчүүдэд уучлал үзүүлэхэд залуучууд “Уучилсанд баярлалаа, гэхдээ маш их хугацаа алдлаа” гэж харамсаж байсан. Одоо ярьж байгаа энэ Өршөөлийн хууль ч гэсэн...

-Мэдээж. Би өнгөрсөн хоёрдугаар сард тангараг өргөснийхөө дараа хорих газруудаар очсон. Тэр хүмүүсийн ямар байдалд байгааг нүдээр харсан. Оройтож л байгаа байхгүй юу. Би жишээ нь тэрнээс хойш хөөцөлдсөөр байгаад дөнгөж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр долдугаар сарын 1-ний хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж байна шүү дээ. Уг нь аль эрт байгуулагдаад ажилласан бол олон хүнийг хууль бусаар, хилсээр эрхээ хасуулахаас хамгаалж чадах байсан. Тийм учраас оройтож байна. Яагаад оройтож байна гэвэл ний нуугүй хэлэхэд УИХ-ын үйл ажиллагаа дэндүү хойрго, зохион байгуулалт нь ойлгомжгүй бүрхэг, шийдвэр гаргалт нь цөөхөн хүний гарт байгаагаас болж ийм зүйл болж байна.

-Хэдэн хүний гарт байна гэж?
-Хориодхон хүний гарт л асуудал шийдэгдэж байна шүү дээ. Хэдийгээр УИХ одоо 75 гишүүнтэй байгаа боловч гишүүдийн гуравны хоёр нь шийдвэрт оролцож чадахгүй байна. Тэрийг нь юугаар хязгаарлаж байна гэхээр олон жил УИХ-д бүгширсэн хуучин практик, дүрэм журмууд байна. Үүнийг өөрчлөхийн тулд УИХ-ын тухай хууль болоод УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг зарчмын хувьд цоо шинээр бичих ёстой болж байна. Тэгээд яг бичээд эхлэхээр “Өө, бид ингэж бичихгүй, тэгж бичнэ” гээд ажлын хэсгээс гадуур, тэс өөр шийдвэр гаргаад, шал өөр “косметик” засвар хийгээд буцаагаад өргөн барьчихаж байгаа байхгүй юу. Яг тодорхой хэлбэл байнгын хорооны дарга юм уу, УИХ-д хуучин сууж байсан, эсвэл намдаа нөлөөтэй гэсэн хориодхон хүний гарт эрх мэдэл байна. Үүнийг өөрчлөхийн тулд ямар сайндаа УИХ-ын гишүүний эрх зүйн байдал, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт хийхээр санал боловсруулчихаад давхар өргөн барих гээд сууж байна.

-Хүний эрхийн үндэсний комиссынхон сонгуулийн өмнөхөн энэ дүгнэлтээ нийтэд зарласан. Тэд цаг алдсан уу, эсвэл УИХ-д хүртлээ удсан юм уу?
-Хүний эрхийн үндэсний комисс болоод УИХ-ын үйл ажиллагаанд уялдаа байхгүй шүү дээ. Уг нь Хүний эрхийн үндэсний комисс УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх бие даасан байгууллага байх ёстой атал хаана, ямар зорилготой, чиг үүрэгтэй нь мэдэгдэхгүйгээр зүгээр л байгуулчихсан байгаа байхгүй юу. Уг нь бол ХЭҮК чинь хүний эрхийн омбуцмэн маягаар л ажиллах ёстой шүү дээ. Гэтэл өөрөө хараат бус ажиллаж чадахгүй, Засгийн газрыг өмгөөлөх маягаар нэг хэсэг ажиллалаа шүү дээ, яг долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа. Дараа нь гишүүд нь ажиллаад дүгнэлтээ гаргангуут улстөрчид бас хүлээн зөвшөөрөхгүй хоёр талд хуваагдаж байна. Яагаад гэвэл ХЭҮК-ын хараат бус бие даасан, бодитой ажилласан эсэхэд эргэлзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байгууллага яаж ажиллах ёстой юм бэ, энэ байгууллагын ажиллаад гаргасан дүгнэлтийг УИХ яаж хэлэлцэх ёстой вэ гэдэг дээр ямар ч зохицуулалт байхгүй. Ингэхээр УИХ-ыг өөрийг нь боловсронгуй болгох, УИХ-тай холбоотой ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг уялдаа холбоотой болгох чиглэлээр зарчмын бөгөөд бодлогын өөрчлөлт хийх ёстой юм байна. Үүнийг УИХ-ын гишүүд маань өөрсдөө хурдхан шийдэхгүй бол яг үнэндээ УИХ-ын нэр хүнд унаад, УИХ-ын гишүүдийг “76” гэдэг тоогоор нь тамын юм уу, хараалын үг шиг бодож эхэллээ. Олон нийтээсээ тасарчихлаа. Өнөөдөр УИХ дээр хэлэлцэж байгаа олон асуудлыг олон нийт ойлгохыг ч хүсэхгүй байна. Яагаад гэвэл тэдэнд хэрэггүй байгаа байхгүй юу. Магадгүй тодорхой бүлэглэл, бизнесийн хүрээ, тодорхой улстөрчдөд хэрэгтэй байж магадгүй. Жирийн иргэдийн хувьд бол ямар ч хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй асуудлыг л хэлэлцээд суугаад байна шүү дээ. УИХ төлөөллийн байгууллагынхаа үүргээс тасарчихсан байна, гишүүд сонгогчидтойгоо харилцаа холбоотой байх эрх мэдэл нь УИХ-д байхгүй байна. Ялангуяа УИХ-д Засгийн газартаа хяналт тавьдаг зохион байгуулалт нь байхгүй учраас үндсэндээ Засгийн газарт ойр байгаа цөөн хэдэн гишүүд л эрх мэдэлтэй, бусад нь ямар ч эрх мэдэлгүй, тэдний хоорондоо нүүдэг шатрын хүү шиг л болж байна шүү дээ. Ийм байдлаас гарахын тулд нэлээн зоригтой том, өөрчлөлт хийх ёстой. Харамсалтай нь их л том хадтай мөргөлдөх юм шиг байна.

-Тэгээд таныг хэр олон гишүүн дэмжиж байгаа вэ?

-Мэдээж шинээр орж ирсэн, эсвэл шийдвэр гаргалтаас хол байгаа гишүүд дэмжиж байгаа. Нөгөө хэсэг гишүүд бол “Яг яах гээд байна” гэж хардаж харж байна.

-ХЭҮК-ийг дүгнэлтийг эсэргүүцэж байгаа гишүүдийн олонхи нь мэдээж МАХН-ынхан байгаа байх, тийм үү?

-Тиймэрхүү. Гэхдээ МАХН-ын бүх гишүүд тийм биш шүү. Асуудлыг одоо ярих ёстой бодох ёстой гэж ярьж байгаа гишүүд ч байгаа. МАХН УИХ-д олонхи байгаа ч гэсэн бүгдээрээ тийм бодолтой гэж би бодохгүй байна.

-Бас энэ үйл явдлаар барьцаалаад гэж хэлж болохоор Засгийн газарт багтчихсан гишүүд ч Ардчилсан намд олон байгаа шүү дээ. Тэд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн байгууллага бүх үйл ажиллагаагаараа хүний эрхийг хамгаалахын төлөө л ажиллах ёстой. Тийм учраас эрх ашгаа зөв эрэмбэлэх ёстой. Эхлээд сонгогчид, ард иргэдийн эрх ашиг, дараа нь хувийн эрх ашиг байх ёстой шүү дээ.

-Уг нь долдугаар сарын 1-ний хэрэг дээр шүүх өөрөө алдаагаа засчихсан бол дээр байсан гэсэн. Тэгэхээр санаатай алдаа гаргаад байгаа шүүхийг яах вэ?

-Шүүх харамсалтай нь тэгж ажиллахгүй байна. Алдаагаа засахгүйгээс гадна өөрийгөө өмгөөлсөн өнгө аястай улс төрийн мэдэгдлүүдийг зөндөө хийсэн. Тийм учраас шүүхийн үйл ажиллагааг шударга, хуулийн дагуу ажилладаг болгохын тулд одоо байгаа шүүгчдийг, ялангуяа Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой. Загас толгойноосоо өтдөг шиг шүүх бас толгойноосоо өтсөн. Тэгвэл өттэй толгойг авч хаях ёстой биз дээ. Яагаад гэвэл энэ хэргийг анх шийдэж байх үед л “дээрээсээ заавартай яллаж байна” гэдгийг ил тод ярьж байсан шүү дээ. Шүүх дээрээсээ заавартай ажилладаг байгууллага биш. Хамгийн тод жишээ нь нийслэлийн бүх дүүргүүд дээр хийсэн анхан шатны шүүх хуралдаан дээр насанд хүрээгүй нэг хүүхэд оруулаад л хуралдааныг хаалттай хийсэн. Бүх шүүхэд тэгж явсан гэдэг чинь бүгд адилхан сэтгэсэн гэхээсээ илүү энэ зааврыг хэн нэг нь өгсөн гэсэн үг. Хэрвээ тэр заавар өгсөн хүнээ хэлэхгүй бол тэгж шийдсэн шүүгч өөрөө хариуцлагаа хүлээх ёстой. Шүүхийн хараат бус байдлыг зөрчсөнийхөө төлөө өөрсдөө шүүхээс зайлуулагдах ёстой. Шүүхийн үйл ажиллагааг Засгийн газар шиг кабинетийн систем рүү оруулсан хүмүүс зайлах ёстой.

Ийм хүсэл эрмэлзлийг нийгэм маш ихээр шаардаж байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадахгүй шүүгчид “хараат бус бие даасан байдал” гэдгээр хууль зөрчдөг үйл ажиллагаагаа хамгаалж, хувийнхаа амьдралыг чирч явж болохгүй л байхгүй юу.

-Өршөөлийн хууль, долдугаар сарын 1-ний үйл явдал дээр та Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байгаа гэсэн үг үү?

-Ижил байр суурьтай байна. Нөгөө талаас Ерөнхийлөгчийг нэр дэвшээд “Шүүхийн шинэтгэлийг хийнэ” гэхэд нь энэ чиглэлийнх нь бодлогыг дэмжиж, сурталчилж Монгол Улсын бүх аймгаар явсан. Тийм учраас Ерөнхийлөгч ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэх чин эрмэлзэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна.

-УИХ олон хуульчтай, тэр дундаа МАХН хуульчдаараа бахархдаг. Гэтэл тэдний нэг нь ч энэ талаар яагаад дуугарахгүй байгаа юм бэ?

-Хуульчдын хувьд нэг үе солигдож байна. Социализмын үед бэлтгэгдсэн, тэр арга барил, үзэл санаагаараа одоо хүртэл явж ирсэн хуульчид үеэ өнгөрөөж байна. Одоо Үндсэн хуулийн ардчилал дотор амьдардаг, Монголд эрх зүйт ёсыг бэхжүүлдэг хуульчид илүү олноор гарч ирж байна. Нэг үг байдаг шүү дээ. Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй юм аа гэж. Олон жил УИХ-д суусан, эсвэл хуучны хуульчдаараа бахархдаг цаг үе өнгөрсөн. Гэхдээ улстөрчид бүгдээрээ хуульч байх ёстой гэж би хэлээгүй шүү.

-Тэгээд таныхаар УИХ-тай холбоотой хэдэн хуульд өөрчлөлт оруулахар болоод байна?

-Таван хууль. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль. Дээр нь Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийг ч гэсэн эргэж харах ёстой. Парламент оршин байгаа ордон нь өөрөө УИХ-ын гишүүний мандатын эрхийг хэрэгжүүлэхийн төлөө бүх чиглэлд зохицуулагдсан байх ёстой. Харамсалтай нь манайд Засгийн газартайгаа, Ерөнхийлөгчтэйгээ хамт байгаа учраас Төрийн тусгай хамгаалалт гэдэг зарц нь орж ирээд парламентын гишүүний эрхийг хүртэл үгүйсгэдэг журам бий болсон байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд гадны том зочин ирсэн учраас сонгосон гишүүнтэйгээ сонгогч нь уулзаж болохоо байчихаж байна. Ийм дүрэм журам үйлчилдэг ордон байж болохгүй. Ардчилсан улсад байдаг ордон биш байгаа байхгүй юу. Төрийн хамгаалалт гэдэг нь гуравхан хүнд л байгаа шүү дээ. Энэ гурваас илүү эрх хаана байдаг вэ, мандатын эрх мэдэл байхгүй юу. Ерөнхий сайдыг ард түмэн сонгодоггүй, УИХ томилдог. Гэтэл томилсон хүмүүсээсээ илүү эрх мэдэлтэй болчихсон байгаа биз дээ.

-Төрийн ордны тухай хууль бас орж байгаа юм уу, зайлшгүй өөрчлөлт хийх таван хуульд?

-Ороогүй. Эхлээд УИХ-ын тухай хуулиудаа батлаад авчихвал батлагдсаных нь дараа Төрийн ордны хуулийг оруулна. Одоо бол “Дэлхийг эргүүлье, тулах цэг өгөөч” гэдэг шиг, шинэчлэлийн эхнийхээ алхмыг хиймээр байна шүү дээ. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн байдлын тухай хууль, Хуулийн төсөл өргөн барих журмын тухай хууль гээд таван хууль байна. Харамсалтай нь манай УИХ дээр яригдаж байгаа бодлогууд цогцоороо орж ирдэггүй юм байна. Үүнийг нь нэгтгэх гэж үйлээ үзэж байна. Хүн аваад ажиллуулья гэхээр над мөнгө алга, УИХ-д төсөв байхгүй.

-Таван туслах баталж өгсөн, яасан?

-Байхгүй шүү дээ, бүгдийг нь хасчихсан. Ганц л туслахтай. Б.Бат-Эрдэнэ гишүүнээс авахуулаад “Ийм олон туслах хэрэггүй, тана” гээд. Ажил хийдэггүй хүнд бол ажил хийдэг хүн хэрэггүй л дээ. Надад бол хэрэгтэй байна. Цай хийж өгдөг биш цаасан дээр суух хүн хэрэгтэй байна, тэр хүмүүс чинь толгойгоо үнэлнэ шүү дээ.

www.news.mn 30/06/2009 Б.Сэмүүн

цааш унших...

Зарим нэг азарган тахиа өөрсдийгөө донгодохоор НАРЫГ МАНДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ...

Утсанд маань гомдоллож, үг хаясан найзуудын минь мэссэж олон иржээ. Ажил ихтэй байгаад тэгсэн үү, анзаарсангүй. Нээрээ найзуудтайгаа элдэв сонин ярьж, цуг суугаагүй удсан байна шүү. Тэгээд ойрмогхон тэдэнтэйгээ уулзаж, энэ тэндэхийн сонин хачинг ярьж суутал нэг найз маань биднийг хөгжөөн хошигнолтойгоор нэгэн зүйл өгүүлсэн нь надад нэгийг бодогдуулав.

Найзын минь ярьсан хошигнол "бурханы сургаалийг монголд лам нар хэрхэн авч ирсэн тухай". Түүний энэ яриа эхэндээ хөгжилтэй байсан авч эцэстээ надад жаахан эмгэнэлтэй санагдаж, гуниг төрүүлсэн юм.


Утсанд маань гомдоллож, үг хаясан найзуудын минь мэссэж олон иржээ. Ажил ихтэй байгаад тэгсэн үү, анзаарсангүй. Нээрээ найзуудтайгаа элдэв сонин ярьж, цуг суугаагүй удсан байна шүү. Тэгээд ойрмогхон тэдэнтэйгээ уулзаж, энэ тэндэхийн сонин хачинг ярьж суутал нэг найз маань биднийг хөгжөөн хошигнолтойгоор нэгэн зүйл өгүүлсэн нь надад нэгийг бодогдуулав.

Найзын минь ярьсан хошигнол "бурханы сургаалийг монголд лам нар хэрхэн авч ирсэн тухай". Түүний энэ яриа эхэндээ хөгжилтэй байсан авч эцэстээ надад жаахан эмгэнэлтэй санагдаж, гуниг төрүүлсэн юм.

Бурхан ба лам

Найз ярьсан нь: «Анх энэ лам энэтхэгээс гарахдаа мөрөндөө ганц орхимжтой, сэтгэлдээ гагц Буддатай гарсан юм гэнэ лээ. Учир нь өглөгийн эзний өгснийг идээд, өөр зүйлд шуналгүй, буян номыг хурааж, бусдын нүглийг нимгэлэн, өөрийн ариуссан биеэр Бурханы зам мөрийг сүсэгтэн олонд хүргэх гэсэн аж. Гэтэл халуун дулаан газраас хүйтэн сэрүүн газар руу хойшлох тусам даарч хөрөн, сэтгэлийн хат нь суларч, бурханы сургаалаас гажин хувцас, эд агуурс энэ тэргүүтэнд дурлах болж. Тэгээд энэ дур, шуналаа зөвтгөхийн тулд өөрийн шунасан бүхэндээ шинээр бурхан бий болгож, "надад өгч байна гэдэг бурхдад өгч байна гэсэн үг" хэмээн ярих болж. Хувцасны бурхан, мөнгөний бурхан, дуу хуурын бурхан гээд, зохиосон бурхад нь хэд ч болсон юм, бүү мэд. Тэгээд л Монголчууд бид Буддагийн замаар бус ламын замаар, ламбугайн зохиосон бурхадад нь сүсэглэн амьдардаг болжээ».

Хоржоонтой энэ хошигнолын дараа итгэл үнэмшилээ би гээгээгүй ч, сүслэн мөргөх ламбугайгаа эргэж нэг харахыг хүссэн юм. Нээрээ бодсон, бид сэтгэлдээ хамгийн ариун гэж бодох сүм, хийдэд ороод хулгайн савраас айн халаас юугаа хямгадана. Хамгийн алагчлалгүй гэж итгэх номын дууг /сургаалийг/ сонсохдоо хураалгасан мөнгөөрөө ялгаварлуулна. Нигүүслийн дээд нь энэ хүн дээ гэж итгэсэн лам нь харин ч бүр надаасаа дор нэр төр хөөн, зарга зайлхай үүсгэнэ. Энэ чинь нэрээ бурханы сургаал мөн үү, тэд нээрээ бурханы шавь гэж үү? эргэлзэхэд хүрч байна шүү.

Уул номоороо бол, бурханы шавь гэдэг бусдын нүглийг уучилж энэрэн, өөрийн "Би"-г огоорсон, нэр хэмээдэггүй нэгэн байлтай. Гэтэл харин эсрэгээрээ сүсэгтэн олны буяныг өөрийнхөө өмч мэт үзэж, бурханы номын хүндийг умартан хувийн мэт аяглах энэ ламбугай нар сүүлдээ бүр нэр төрд шунан, эрх тушаалд санаархан улс төр хөөцөлдөж, шүүхээр хүртэл заалдан, сүсэгтэнээ гоочилж суух болж. Сүсэг бишрэлийг гутааж, итгэл үнэмшлийг эвдсэн ламбугай нарыг яах вэ. Өөртөө биш Буддадаа үнэнч байж, шаварт бус хүний сэтгэлд бурханаа үлдээ л дээ лам нар минь. Мунхаг миний бодвол "Бурханч" гэж бурханаа цаасан дээр бус хүний сэтгэлд бүтээдэг лам баймаар санагдах юм.

Гэтэл шүүхэд дуудагдан, ялд унах өвгөн сэтгүүлчийн сэтгэлд лав л "бурханч лам"-ын маань бүтээсэн бурхан үгүй болж байх шиг. Шавар бурхан зуурсанаа агуу гэж, ном сахилаа гээн, мунхагийг мунхагаар нь хүлээн авах сэтгэлгүй, өширхсөн бодлоор дорд хүнийг зүдгүүрт унагах нь гэгээрсэн хүний зан лав биш байх.

Тэвчихгүй үүнийг тэрлэн бичихийн учир нь ядаж би настай буурал ээждээ "өргөл болгосон зүйл нь өөр хэн нэгэнд буян болж буй" гэж хэлэх итгэлтэйгээ үлдэхийг хүссэнийх билээ.

Ардчилал ба ардчилагч

Харин "Ардчилал ба ардчилагч" гэхдээ өөрөө өөрийнхөө амьдралыг мэддэг иргэдтэй, эрх зүйд хязгаарлагдсан засагтай, чөлөөт сонголтоороо солилцоонд ордог зах зээлтэй тийм либерал нийгэм, улс төрийн "шударга хэвшил"-д итгэх өөрийн итгэлээ хадгалж үлдэхийг хүсэж байна.

Харамсалтай нь манай "ардчилагч нар" дээр өгүүлсэн ламын адил ардчиллыг монголд авчирахдаа сүнсийг нь гээгээд сүүдрийг нь авчирав бололтой. Тэд өөрсдийн дутуу боловсорсон толгойгоороо бүхнийг хэмжиж, барууныг зүүнтэй хольж, иргэнийг төрд сөхрүүлэн сүсэглүүлж, өөрсдийн увайгүй үйлдэл, ичгүүргүй явдлаараа ирээдүйг баллуурдаж байна. Үүгээр зогсохгүй дур зоргоо нийгэмд хууль болгон өргөмжлөж, шударга бизнесмэнийг ч "зах зээл, өрсөлдөөн гэдэг бол албан тушаалтнаар хамгаалуулсан дээрэм юм байна" гэж итгэх хүртэл галзуурцгааж байна.

Өнөөгийн нийгмийн асуудлуудыг онолын үндсэн дээр эрэгцүүлэхийг сонирхогч хэн ч гэсэн хувь хүнийг дээдлэн, түүний эрх чөлөөг эрх зүйт ёсоор хамгаалахгүйгээр ардчиллын сүнсийг гээсэн энэ ардчилагчдын галзуурал, төрийн этатист байдлыг мунхаглан сурталдагч коммунист улс төрчдөөс салж чадахгүй гэдгийг ойлгож буй биз.

Америкийн нэрт романч, нийтлэлч, философич Айн Рэндийн бичсэн лугаа адил одоо бид задран унаж буй холимог эдийн засаг, социалист схем, коммунист нөлөө, фашист хяналт, сонгуульт ардчилал зэрэг найрлага нь мэдэгдэхгүй хольц болсон бөгөөд энэ бөөгнөрсөн холион бантан нь эцэстээ "дарангуй төр" рүү л өнхөрч явна. Яагаад гэвэл, манай ардчилагчдын зэрэмдэглэн авчирсан үзэл санаа сүүлийн 15 жилд "романтик хортон" болж, иргэдэд улам бүр хоосролыг, эрх мэдэлтнүүдэд улам бүр ааг омгийг нэмэв. Үнэхээр ч ардчиллын тухай хий хоосон ид шид, ламбугайн бодь сэтгэл, социалистуудын үеэ өнгөрөөсөн халамжийн тогтолцоо, хамтач үзлийг өөр хооронд нь хольж хутган нийгэмд давамгайлуулбал түүний үр дагаварт нь фашист, коммунист гэх адил бүх нийтийн сайн сайхны төлөө нийгмийг инженерчилэхэд бэлэн бас нэг дур зоргын төр л үүснэ. Гэхдээ энэ төр ардчилсан гэх гоё үгээр өөрийгөө халхалснаараа л бусдаас ялгаатай байх болов уу.

Итгэл эвдсэн ардчилагчид сүүлийн жилүүдэд социалистуудтай зөвшилцөн, хууль бусаар гэхдээ бат бэхээр хамтран ажиллаад зогсохгүй тэд сар адил ганцхан талаараа, "бид бол ардчилагчид, ард түмнийхээ төлөө ажилладаг, шударга хүмүүс" гэсэн дүрээ бидэн рүү харуулахаас, нөгөө сүүдэрт талдаа юу байгааг харуулахыг хүсэхгүй, улам бүр хаалттай болсоор байгаа билээ. Бид хэрэв тэр талыг харж чадах аваас тэнд нь Айн Рэндийн нүдэнд өртсөнчлөн "өмхий самхай үнэртсэн зоорины хонгилоос санамсаргүйгээр зочдын өрөөнд хүргэгдсэн ч хоцрогдож гүйцсэн үлбэгэр дорой, харанхуй бүдүүлэг элит төдий юмнууд байгаа агаад, тэд өөрсдөө үүнийгээ мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй "гэрэл гэгээ, хууль ёс, ардчиллын бодит байдлаас" нуугдсаар байгаа авч ууж идэх, гувшуулж хулгайлахаа юманд бодохгүй ичих нүүргүй тэдгээр хүмүүс өөр хоорондоо уралцан, идээ цайллага зассан ширээ рүү дайрч байхыг" харах болно.

Гэхдээ тэд биднийг сарны нөгөө талыг хараагүй гэж найдаж байгаа. Харсан ч юу болж буйг ойлгох ухаангүй гэж бодож байгаа. Тийм болохоороо л тэд өөрсдөдөө ийм итгэлтэй байгаа юм. Яг л бүхнийг бүтээгч эзэн шиг. Тэд бүр бидний итгэл үнэмшилд ч эзэн суухыг санаархаж байна. "Би байхгүй бол ардчилал байхгүй" гэж хэлэх тэдний энэ үг эзний үг биш гэж үү. XIҮ Людовикийн "Би бол төр" гэснээс юугаараа ялгарч байгаа юм бэ.

Ер нь эрх баригчид идэж уугаад илбэ шидэнд суралцаж, иргэдийн өөрсдийнх нь юмыг өөрсдөд нь өглөг буян мэт тараагаад эхлэхээр ард иргэд ядуу, гуйланч байдлаа эзний хишиг, аз жаргал гэж харахад хүрдэг юм гэсэн. Би л хувьдаа тэдэнд илбэдүүлж, хоцрогдсон хэлбэр, зүүний үзэл, ядмаг тэчьеэлийнх нь олзонд боолчлогдож байгаагаа эрх чөлөөтэй байна гэж ярихыг хүсэхгүй байна. Улс төрчид нь боловсроогүйн төлөө өөрийнхөө мэдлэгт гэм нүгэл үүрч бас бусдын төлөө золиос болохыг ч хүсэхгүй байна. Бусдын өргөсөн золиосыг ч хүлээн авахыг хүсэхгүй байна.

"Шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно" гэсэн үг бий. Монголд өнөөдөр энэ дүр зураг их л тод харагдаж байгаа. Шударга чанар, шударга юм гэж энэ улс оронд үгүй болж. Олон түмэн аливааг сонсож мэдэх дур хүсэл ч үгүй болж. Эвэртэн туурайтнуудын бүх үйлдлийг "идэж ууж, завшиж хулгайлж байна" гэдгээр л ойлгож, тайлбарлахыг хүсэх боллоо. Үнэхээр ч ардчилал нь хуурмаг плюрализмын шинж олж, өнгөц, дутуу дулимаг, зарим талаар коммунизмтай эрлийзжсэн, хүнлэг бус нийгмийг авчирч байгаа нь үнэн. Хууль нь дээрээ хэрэгждэггүй, доошоо хэрэгжихдээ чанга хатуу, гэхдээ иргэний эрх ашиг, шударга ёсыг алдагдуулах нь гэм бус зан болсон нь ч үнэн.

Ардчилагчдын бодож буйчлан ардчилал, шударга чанар гэдэг "би ардчилсан шударга хүн гэж цээжээ дэлдэн, хууль ёс ярих төдийд илэрдэг" гэвэл тун том эндүүрэл шүү. Хөгжил дэвшилд удирдагчийн сайхан үг, гэгээрсэн шинжтэй царай хоёроор хүрээд байдаг ч юм биш. Эрх мэдлийг байнга хуйвалдааны замаар хадгалаад, ардчилсан нэрээр дарангуйлаад байх боломж ардчиллыг мэдэрсэн нийгэмд хомс. Тэр дундаа өөрийн хувийн ойлголт, үзэл бодлыг амьдралынхаа чухал зүйл гэдэгт итгэж, сайн сайхан, амжилт, бие даасан байдлаа хадгалахыг хүсдэг, өөрийнхөө төлөө санаа тавьж, сонгосон ажлаараа бусадтай шударга өрсөлддөг иргэд олон байгаа газар бүрч хомс. Яагаад гэвэл тэр иргэд улс төр гэдэг ажлыг ч сонгож, бас та бүхэнтэй өрсөлдөж чадна. "Зарим нэг азарган танхиа өөрсдийгөө донгодохоор нарыг мандаж байна гэж бодоцгоодог" гэгчлэн "Ардчилагчид бид байвал ардчилал монголд байна", "лидер нь бид, улс төр угаасаа л ийм байдаг" гэж бодож болохгүй л болов уу.

Ардчиллын хамгийн ядмаг илэрхийлэл шууд ардчилалд байдаг гэдэг ч ард түмнийг ардчиллын энэ ядмаг илэрхийлэлд найдан хоцрох хүртэл эрхтэн дархтнууд ардчиллаар тоглон, албан тушаалын панз үсэргэж, бизнесийн мафижсан бүлгүүд нь олон түмний нүдэн дээр нийгмийн баялгийг ил цагаанаар хулгайлан дээрэмдэж байна. Монголд тэдэнд үйлчилдэг хууль ёс ч гэж алга. Хичнээн ядмаг ч гэсэн ард түмэн эрхээ өөрөө өөрсдөө эдлэхээс өөр аргагүйд хүрч байна шүү.

Эцэст нь хэлэхэд хувь хүний эрх чөлөөний "автор" Айн Рэндийн Атлантын мөр хэрхэн тэнийснийг уншиж, ардчилалд холилдсон социалист бодлоосоо салахад илүүдэхгүй улс төрчид ардчилагчид дунд олон байна. Ийм улс төрчид МАХН-д бүр ч олон байгаа гэдгийг би мэдэж байгаа ч хуучин коммунист арга барил, социалист эмгэгээсээ салж чадахгүй, дээр нь албан тушаалтны нам болчихоод, намын олон түмнээсээ тасарчихаад байгаа тэд биш тэр замыг нь дагаад гүйж яваа, гэхдээ хууль ёс, хариуцлагыг нь зэрэмдэглэсэн ч гэлээ ардчиллын салхийг монголд эхлүүлж, үзэл санааг нь авчрахыг оролдсон "ардчилагчид" Та бүхэнд эдгээр үгийг зориуллаа.

Коммунистуудад үг зориулах ч хэрэггүй ээ.

цааш унших...

  © Blogger template Coozie by Ourblogtemplates.com 2008

Back to TOP